|
|
Монголын цахим ертөнцөд сайхан сэтгэлийн давалгаа өрнөж байна. Дүүгийнхээ хүнд өвчнийг эдгээхээр тэмцэж байгаа Б.Ариунаа бүсгүйд туслах томоохон хөдөлгөөнийг блог уншигч болон интернэтээр аялагч монгол залуус өрнүүлээд байгаа юм. Эмч нарын хариуцлагагүй үйлдэл, мөнгөний төлөө бусдын амьдралаар тоглогч Хадгаламж зээлийн хоршоодынхны балгаар нэгэн сайхан охины амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг дуулсан гадаад дотоод, дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд тэрхүү эгч, дүү хоёрт туслахаар болсон байна. Тэдний гол зорилго нь Б.Батзаяа охины эмчилгээний зардал 10 мянган ам.долларыг олох явдал гэнэ. Батзаяа цус багадалтаас болж цус харвалт тархинд нь үүсч хоёр сарын өмнө Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. Харин эмнэлэг, эмчилгээ, эмч нарын сэтгэл дутсанаас охин өөрийн өвчин дээрээ бас нэгэн зовиур нэмсэн нь арьс, ясны цооролт гэнэ. Удаан хугацаагаар хэвтсэн түүний биений ясны товгор хэсгүүд цоорч, үхжиж эхэлжээ. Гэтэл “Энэ шархнууд тун удахгүй эдгэчихнэ, зүгээр” гэсэн эмч нарын үг охиныг ч, гэр бүлийнхнийг нь ч түр тайвшруулж орхиж. Харамсалтай нь эмнэлгээс гарснаас хойш хоёр сар болоход шарх эдгээгүйгээр үл барам баруун хөлийнх нь өсгийний шарх ясыг нь хүртэл идэж эхэлжээ. Гэрийнхэн нь Бээжин явж охиноо эмчлүүлэхээр байраа барьцаалсан ч түүнтэй ижил өвчтэй нэг охины эмчилгээ нь зогссоныг дуулаад хэсэг харзнахаар шийджээ. Гар дээр бэлэн байсан 16 сая төгрөгөө “Төгс-Эрдэнэ” нэртэй ХЗХ-нд хадгалуулахдаа сүүлчийн найдвар болсон хэдэн цаасаа салхинд хийссэн мэт алга болно гэж огт төсөөлсөнгүй. Одоо түүний гэр бүл байр хөлслөн амьдарч байгаа бөгөөд Батзаяа охин арваадхан хоногийн дараа хорин настайгаа золгоно. Харин төрсөн өдрийнхөө дараа Батзаяа ортойгоо гудамжинд гарч ч мэдэхээр байдалтай байна. Дүүгийнхээ өвчнийг эдгээхээр эмч домч, элч дуучин, сайн үйлсийн байгууллага гээд яваагүй газар, татаагүй хаалга Ариунаад үлдээгүй аж. Харин өнгөрсөн гуравдугаар сард Ариунаагийн илгээсэн захидалд Солонгосын нэгэн эмнэлэг хариу ирүүлсэн байна. “Бид танай дүүг эмчлэхийг зөвшөөрч байна. Гэхдээ 100 хувь үнэгүй эмчлэх боломжгүй. Харин 50 хувийг нь төлсөн тохиолдолд бид амийг нь аварч чадна” гэсэн товчхон зурвас иржээ. Эмчилгээний зардалд 10000 ам.доллар хэрэгтэй ажээ. Батзаяа охины эгчтэй холбогдохыг хүсвэл http://lovelife.delhii.net/ “Амьдрах хүслэн” блогт зочлоорой.
|
| |